"Jaguar Land Rover"-ийн бүрэн цахилгаан автомашин “I-Pace”

2018-03-03 05:47

Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч "Jaguar Land Rover" бүрэн цахилгаан SUV ангиллын автомашинаа танилцууллаа. “I-Pace” гэх энэхүү загвар нь 4.5 секундэд 100 км/цаг хүртэл хурдлах төдийгүй, бүрэн цэнэглэсэн үедээ 482 км зам туулах хүчин чадалтай юм байна.

“Jaguar”-ийн хувьд шинэ автомашиныхаа нээлтийг энэ оны долоодугаар сар гэхэд хийхээр төлөвлөөд байгаа аж. Энэ нь өрсөлдөгч “Audi”-ийн бүрэн цахилгаан "E-Tron" загварыг хүчин чадал, үзүүлэлтүүдээрээ давна гэж тус компани тооцоолжээ. “I-Pace”-ийн ерөнхий загварыг Их Британид гаргаж, Австри улсад угсрах юм байна. Харин үнийн хувьд 63 мянга 400 фунт стерлингээс эхэлж магадгүй байгаа аж. "Jaguar Land Rover" ирэх долоо хоногт эхлэх Женевийн авто шоуны үеэр шинэ загвараа олон нийтэд үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Сонирхуулахад, энэхүү загвар нь “Tesla” компани 2015 онд “Model X” автомашинаа танилцуулснаас хойших анхны бүрэн цахилгаан автомашин болж байгаа юм.

Эх сурвалж: Б.Ариунболд

                     BloombergTV.mn