Б.Рэнжиндорж: Бүх машины түүхийг онлайнаар харах боломжтой болно

2018-03-17 04:34

Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хамтран “Авто үйлчилгээний мэдээллийн сан”-г ашиглалтад оруулсан байна. Энэхүү сангаас иргэд худал­дан авах гэж буй тээврийн хэрэгслийнхээ ашиглалтын түүхийг хүнд­рэл чирэгдэлгүй харах боломж­той гэнэ. Энэ талаар Автотээврийн үндэсний төв  ТӨҮГ-ын Авто үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Рэнжиндоржоос тодрууллаа.

-“Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан”-г ашиглалтад оруулж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар давуу тал бүрдэх вэ?
- Олон улсад тээврийн хэрэгслийн ашиглалтын түүхийг харах боломжтой байдаг. Гэвч манай улсад энэ талын мэдээлэл авах боломж байдаггүй байсан бөгөөд бид энэ асуудлыг шийдвэрлэж нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн ашиглалтын талаар түүхийг нэг дороос харах боломжийг бүрдүүлээд байна. Энэ санг ашиглан сонирхсон хэн бүхэн цахим орчинд www.autobox.mn сайтад хандан тухайн тээврийн хэрэгслийнхээ улсын дугаар, арлын дугаарын хамт ашиглан ашиглалтын бүхий л мэдээлэл болон засвар үйлчилгээний түүхийг нэг дороос хаанаас ч, хэдийд ч авах боломжийг бий болгосон. Засвар үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд маань нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн түүхийг харснаар тухайн тээврийн хэрэгслийг оношлох, засвар үйлчилгээг хийхэд хялбар болохоос гадна өөрийн байгууллагын хаяг байршил, ажиллах цагийн хуваарь, үзүүлэх засвар үйлчилгээний нэр төрлийг үнийн хамт байршуулж хэрэглэгчдэд мэдээлэл хүргэн үйл ажиллагаагаа үнэ төлбөргүйгээр сурталчлах боломжтой.

-Та сая тээврийн хэрэгслийн түүхийг харж болно гэж хэллээ. Үүнд юу, юу багтсан байгаа талаар тодруулахгүй юу?
- Тодруулбал тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийн мэдээлэл, хэдэн эзэмшигч эзэмшиж байсан, татвараа төлсөн эсэх, даатгалд хамрагдсан эсэх, зам тээврийн осол зөрчлийн мэдээлэл, байгалийн гамшигт өртөж байсан эсэх, тухайн тээврийн хэрэгсэл нь хэзээ, хаана, ямар ямар засвар үйлчилгээг хийлгэж байсан зэрэг мэдээллүүд багтана.  Түүнчлэн бид Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, албан журмын даатгагчдын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа учраас татварын мэдээлэл, даатгал, нөхөн олговор авч байсан талаархи мэдээллүүдийг ч мөн үнэн бодитой хялбар аргаар шууд хүлээн авах боломжтой болж байгаа. Энэ нь тухайн тээврийн хэрэгсэл мэдээллийн санд өөрийн түүхийг үүсгэж байна гэсэн үг. Тодруулбал тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийн мэдээлэл, хэдэн эзэмшигч эзэмшиж байсан, татвараа төлсөн эсэх, даатгалд хамрагдсан эсэх, зам тээврийн осол зөрчлийн мэдээлэл, байгалийн гамшигт өртөж байсан эсэх, тухайн тээврийн хэрэгсэл нь хэзээ, хаана, ямар ямар засвар үйлчилгээг хийлгэж байсан зэрэг мэдээллүүд багтана.

-Иргэд сангаас мэдээлэл авахад ямар нэгэн төлбөр төлөх үү?
-Ямар ч төлбөр авахгүй. Бүх хүмүүст нээлттэй.

-Тээврийн хэрэгслээс гад­на энэ чиглэлээр үйл­чил­гээ үзүүлж байгаа газ­руу­дад ангилал тогтоож, зөв­шөөрөл олгож байгаа гэсэн. Одоогоор хэчнээн аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон байгаа вэ?
-Тээврийн хэрэгсэл нэмэгдэхийн хэрээр тэдэнд сайн, муу үйлчилгээ үзүүлдэг авто засварын газрууд улам нэмэгдэж байгаа. Тиймээс энэхүү газруудад MNS5025:2010 стандартын дагуу А, В, С гэсэн ангилал тогтоох ажлыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ ангилал тогтоох гэдэг нь үнэлгээ өгч, зэрэглэл тогтоож, сайн муугаар нь ялгана гэсэн үг биш юм. Харин тухайн газарт засвар үйлчилгээ хийсэн байгаа техник хэрэгсэлд хяналт хийж, улмаар түүнд нь тохирсон үйлчилгээг үзүүлэх зөвшөөрлийг олгоно гэж ойлгож болно. Ингэж ангилал тогтоолгосон газрууд тус мэдээллийн санд засвар үйлчилгээ үзүүлсэн машиныхаа түүхийг бичих эрхээ авна. Одоогийн байдлаар нийслэл болон хөдөө, орон нутагт нийт 170 гаруй засварын газарт ангилал тогтоох ажлыг хийсэн. Энэ долоо хоногоос эхлэн ангиллаа тогтоолгосон засварын газрууд “Авто үйлчилгээний мэдээллийн сан”-д мэдээллээ оруулж эхэлнэ. Мөн жолоочийн машинд эвдрэл гарч зогслоо гэж бодоход мэдээллийн сандаа нэвтрэн ойролцоох засварын газар хаана байгаа, үнэ ханш зэргийг нь харах бүрэн боломжтой.

-Тус мэдээллийн санд одоогоор хэчнээн машины түүх бүртгэгдсэн байна вэ. Мөн иргэд ямар хаягаар дамжуулан мэдээлэл авах боломжтой вэ?

-“Авто тээврийн мэдээллийн нэгдсэн сан”-гаас мэдээлэл авахын тулд Autobox.mn гэсэн хаягаар нэвтрэх боломжтой. Хэдийгээр мэдээллийн санг ашиглалтад оруулсан ч цаашид улам баяжуулах шаардлага бий. Засварын газрууд мэдээллээ оруулж байж иргэд энэхүү сангаас мэдээлэл авах юм. Тиймээс манай улсад байгаа бүх машины түүхийг бүрдүүлэхийн тулд 1-3 жилийн хугацаа шаардлагатай. Энэ ажил нь манай оронд одоо хэрэгжиж эхэлж байгаа болохоос дэлхийн ихэнх орнуудад аль эрт хэрэгжээд эхэлчихсэн зүйл. Жишээ нь, АНУ-д “CARFAX” үйл¬чил¬гээ байдаг. Харин манай улсад гаднаас орж ирж байгаа ма¬ши¬ныг серийн дугаараар нь хайгаад өмнө нь ямар засвар үйл-чил¬гээнд орж байсныг нь шууд харчихдаг үүнтэй л адил юм.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин