Бүх машины мэдээллийг төвлөрүүлэхэд 1-3 жил шаардлагатай

2018-03-20 17:18

-Өнөөдрийн байдлаар 170 гаруй засварын газарт ангилал тогтоогоод байна-

Автотээврийн үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан энэ сарын 7-нд ашиглалтад орсон. Тус санд аж ахуйн нэгж байгууллагуудаас гадна иргэд ч нэвтрэх боломжтой. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалаас тодрууллаа.

-Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн санд Автотээврийн төвд хийгдэж буй бүх төрлийн үйлчилгээний мэдээлэл багтсан уу?

-Энэхүү сан нь “Үндэсний дата төв” УТҮГ-ын серверт байршиж, төрийн цахим мэдээлэл солилцооны журмаар Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Албан журмын даатгагчдын холбоотой мэдээлэл солилцон ажиллана. Үүнд нэгж тээврийн хэрэгсэл бүрийн ашиглалтын мэдээлэл болон тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан эзэмшигчид болон өнгө, арал, хөдөлгүүрээ сольсон байдал зэрэг мэдээллийг багтаасан. Мөн техникийн хяналтын үзлэг, татвар төлөлт, зам тээврийн осол, даатгалд хамрагдсан болон даатгалын нөхөн олговор авсан эсэх, үер ус, гал түймэр зэрэг байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн зэрэг мэдээллийг оруулж өгсөн. Түүнчлэн Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ гээд бүх төрлийн мэдээллийг нэгтгэж хийсэн байгаа.

-Мэдээллийн нэгдсэн сан ямар ач холбогдолтой юм бэ?

-Иргэн цахим орчинд бүхий л төрлийн ухаалаг төхөөрөмжийг ашиглан сонирхсон тээврийн хэрэгслийнхээ улсын болон арлын дугаарыг хайх хэсэгт оруулан дээр дурдсан бүх мэдээллийг нэг дороос түргэн шуурхай авна. Жишээлбэл, та автомашин худалдан авахаар сонирхож байгаа бол тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтын талаарх бүхий л үнэн бодит мэдээллийг нэг дороос авах боломжтой гэсэн үг.
 

-Тээврийн хэрэгслийн бүх төрлийн мэдээллийг нэг дор багтаасан

Мөн автомашиндаа засвар үйлчилгээ хийлгэх бол өөрт хамгийн ойрхон засварын газрыг сонгон үнэ ханш, цагийн хуваарь, хийгдэх засвар үйлчилгээний мэдээлэлтэй танилцан захиалга өгч, улмаар хийлгэсэн засвар үйлчилгээ бүртээ баталгаа гаргуулж авах боломж нээгдэж байна. Үүнээс гадна машинд эвдрэл гарч зогслоо гэж бодоход мэдээллийн санд нэвтэрч ойролцоох засварын газрын байршил, үнэ ханш зэргийг харах боломжтой.

-Энэ санг байгуулахад хэчнээн төгрөг зарцуулсан бэ?

-Мэдээллийн санг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж байна. Манай байгууллагын зүгээс мэдээллийн санг бүрдүүлж, нэг дор төвлөрүүлэхэд ямар ч хөрөнгө мөнгө зарцуулаагүй. Өөрсдийн дотоод нөөц боломждоо тулгуурлан хийсэн.

-Ямар хаягаар нэвтрэх вэ. Өнөөдрийн байдлаар хэчнээн тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг нэгтгээд байна вэ?

-Авто тээврийн мэдээллийн нэгдсэн сангаас мэдээлэл авахын тулд Autobox.mn хаягаар нэвтрэх боломжтой. Засварын газрууд мэдээллээ оруулж байж иргэд энэхүү сангаас мэдээлэл авна. Тиймээс манай улсад байгаа бүх машины түүхийг бүрдүүлэхийн тулд 1-3 жилийн хугацаа шаардлагатай.

-Уг ажлыг орон даяар хэрэгжүүлж байгаа юу. Иргэд, аж ахуйн нэгж мэдээллийн сангаар чөлөөтэй нэвтрэх боломжтой юу?

-Манай байгууллага авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллаж байгаа. Мэдээллийн санд авто үйлчилгээний ангилал тогтоолгосон аж ахуйн нэгж байгууллага нэвтрэх эрхээ авч өөрсдийн байгууллагын мэдээллийг оруулж, хөгжүүлэн, үйл ажиллагаагаа сурталчлах бүрэн боломжтой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч, ашиглагч зэрэг бүх хүн дээрх санд чөлөөтэй нэвтрэн авто үйлчилгээтэй холбоотой хууль, дүрэм журам, ангилал тогтоолгосон аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг харж болно. Хэрэв ангилал тогтоолгохоор бол бүрдүүлэх материал, авто үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, тээврийн хэрэгслийн улсын болон арлын дугаарыг тодорхой бичиж, цахимаар хүсэлт явуулахад болно. Одоогийн байдлаар нийслэл болон хөдөө, орон нутагт нийт 170 гаруй засварын газарт ангилал тогтоод оруулаад байна.

 

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ”