“Үндэсний соёл амралтын хүрээлэн”-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд өөрчлөлт оруулна

2018-03-24 04:06

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн талаарх мэдээлэл сонсох, “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулах, Хотын дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулах, хотын захиргааг Яармаг руу нүүлгэх тухай зэрэг 10 асуудал хэлэлцэх юм.

“Замын Цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн хувьд гүүрэн гарц болон инженерийн шугам сүлжээний зураг төсөл  боловсруулах, барилгын бэлтгэл ажлын хүрээнд ажилчдын түр байр, үйлдвэрлэлийн талбай байгуулах, бетон зуурмагийн үйлдвэр барих, цахилгаан шугам холбох, орц гарц гаргах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Нийслэлийн Газрын албанаас газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн нийт 22 иргэн, аж ахуйн байгууллагатай зөвшилцөх ажил хийгдэж, “Шунхлай трейд”, “Жаст ойл” компанид олгох нөхөх олговрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан бол “Таванбогд” ХХК /Тоёота авто сервис/-ий шинээр барих орц гарцыг нийслэлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр 2018 оны төлөвлөгөөнд тусгаад байна. Гүүрэн гарцын өгсөх налуу замын нөлөөлөлд өртөөд байгаа “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн авто зогсоолын талбайг хасч батлах нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл санал авах шатанд байгаа аж. Мөн нөлөөлөлд өртсөн Олимпийн гудамжны мод зайлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Өвлийн улиралд барилгын ажил хийгдэхгүй, зам хааснаар түгжрэл их үүсэх байдлаас үүдэн 2017 оны намар эхлэх барилгын ажлыг хойшлуулж, 2018 оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр болжээ. Төслийн ажил 2 жил үргэлжлэх юм.

Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц нь дараах зургаан хэсгээс бүрдэнэ.

  • Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр
  • Зүүн хойт талд үндсэн гүүрэн дээрээс Нарны замруу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт
  • Нарны замын зүүн талаас ирэх автомашин үндсэн гүүрэнд холбогдож Их Монгол улсын гудамжруу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110у/м тулц ханатай
  • Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м ергөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай
  • Төмөр зам дээгүүр явган хүний гүүр
  • Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барина.

Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц барих төслийн явцыг хэлэлцээд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн хүсэлтийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд зохих журмын дагуу нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод даалгалаа. Мөн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд оруулж буй нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан нийслэлийн төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг хотын даргад үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.