ГҮҮРЭН ЗАМУУД барихтай холбоотойгоор дугаарын хязгаарлалтын талаар САНАЛ авч эхэллээ

2018-03-29 04:28

Нийслэлд хийгдэх авто зам шугам сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотойгоор дугаарын хязгаарлалтыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 15-аас аравдугаар сарын 1-нийг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх аж.

Тодруулбал энэ үеэр Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн дөрвөн замын огтлолцол бүхий гүүрэн гарцын барилгын ажил, 60-70 жилийн насжилттай 40 мянгат орчмын цэвэр усны шугамыг Австри улсын шинэ технологиор доторлох засварын ажил хийгдэх юм байна. Тиймээс замын цагдаагийн гүүрэн гарцын ажилтай холбоотойгоор нийтдээ  найман газарт түр зам гаргахаар төлөвлөжээ.

Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилд ажиллах хүчийг нэмэгдүүлээд, 1.6 жилд хийж гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангасан гэнэ. Тэгэхээр аравдугаар сарын 30 гэхэд гүүрний ул суурь буюу тулгуур багана дан нурууг бүрэн хийж амжих аж. Замын цагдаагийн гүүр нийт 96 том тулгуур баганатай, 470 м урттай. А, В, С гэсэн гурван рамтай байх юм байна.

Төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог замын цагдаагийн уулзвар нь Нарантуул худалдааны төвийн уулзвар хүртэл, баруун тийшээ Энхтайвны гүүр, урагшаа Home plaza, хойшоо Гадаад хэргийн яам хүртэл түгжрэл үүсдэг байсан. Гүүр ашиглалтад орсноор энэ түгжрэл байхгүй болно. Мөн авто замтай огтлолцдог төмөр замаар өдөрт 40 гал тэрэг зорчдог. Ингэх тоолонд авто машины хөдөлгөөн хязгаарлагдаж түгжрэл үүсдэг. Мөн авто машин, гал тэрэг мөргөлдөх осол аваар их гардаг байсан бол гүүрэн гарц байгуулснаар энэ асуудал шийдэгдэнэ гэж тооцжээ.

Хөдөлгөөний зохион байгуулалтын хувьд авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг, мэргэжлийн байгууллагуудын баг хамтран хэд хэдэн санал гаргаж, Дүнжингарав хороолол, Оддын хотхон, Баянмонгол хорооллын хөдөлгөөнийг таслахгүй байхаар зохион байгуулах аж.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр ярихдаа “Замын цагдаагийн уулзвар босоо чиглэлтэй хаагдаж байгаа учраас, дугаарын хязгаарлалт хийж, олон хоног зам хаахгүйгээр зохицуулалт хийж байгаа нь энэ.

Замын цагдаагийн уулзвараар цагт 2500-2800 буюу өдөртөө 20 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Улаанбаатар хотын өмнөд болон хойд хэсгийг холбосон төмөр замтай огтлолцдог томоохон уулзвар юм. Тиймээс дугаарын хязгаарлалт, зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлага тулгарч байна. Авто замын бүтээн байгуулалттай холбоотой автомашины дугаарын хязгаарлалтыг хийх 2 санал байгаа. Тухайлбал одоо хэрэгжиж байгаагаар долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалтад ордог байсан бол долоо хоногт 2 удаа хязгаарлагдахаар яригдаж байна.

Тодруулбал, бүтээн байгуулалтын үеэр даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах. Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Хоёрдугаар хувилбар нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах юм.

“Замын цагдаагийн уулзвар нь Улаанбаатар хотын урд хойд хэсгийн холбодог том уулзвар. Бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор ЗЦА-наас ачааны авто машины хөдөлгөөний хязгаарлах санал гаргасан. “Нарантуул” худалдааны төв рүү чиглэсэн ачааны төв рүү чиглэсэн ачааны авто машинуудын хөдөлгөөн их байдаг. Тиймээс бүтээн байгуулалтын хугацаанд ачааны авто машинуудын хөдөлгөөн их байдаг. Тиймээс бүтээн байгуулалтын хугацаанд ачааны авто машинуудын маршрутыг өөрчлөх саналтай байгаа. Иргэдийн хувьд үргэлж автомашинаар зорчих шаардлагыг тавьсаар ирсэн. Өвлийн улиралд автомашингүй байх хэцүү ч зуны улиралд бол явганаар, дугуйгаар зорчих боломжтой учраас хоёр өдөр дугаарын хязгаарлалт хийх боломжтой гэж үзэж байна” гэлээ.

Эдгээр саналуудыг цахимаар танилцуулж иргэдийн дунд санал асуулга явуулж дэмжигдсэн саналыг хэрэгжүүлэх ажээ. Санал асуулгыг хувлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд нээлттэй явуулж, дэмжигдсэн саналыг мөрдөнө гэсэн үг. Дугаарын хязгаарлалтыг ингэж өөрчилж зам засварын томоохон ажлуудыг хийснээр цаашид хотын зам түгжрэлгүй болоход ихээхэн хувь нэмэр оруулах юм.

П.БАЯРХҮҮ: ТЭГШ СОНДГОЙГООР ЯВАХ САНАЛЫГ ИРГЭД ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ХЭТ ИХ ТҮГЖРЭЛ ҮҮСНЭ

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээс дараахь зүйлсийг тодрууллаа.

- Нийслэлд хийгдэх барилга, дэд бүтцийн ажлуудын хуваарийг баталчихсан уу?

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн дэд бүтцийн байгуулалтын ажлууд өрнөнө. Давхар гүүрэн гарцуудын ажил ч эхэлнэ. Мөн дулааны шугам, цэвэр усны шугамуудын ажил эхэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод нэлээд олон авто замын ажил хийгдэнэ. Тиймээс зарим замууд хэсэгчлэн хаагдах хуваарьтай байгаа. Өчигдөр (уржигдар) нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалт барилга дэд бүтцийн ажлын нэгдсэн хуваарийг сонсож баталсан.

- Гүүрэн замууд баригдсанаар, түгжрэл хэр буурах боломжтой байгаа вэ?

Авто замын түгжрэлийг бууруулахын тулд 20 уулзварыг хоёр түвшний огтлолцолтой болгох ажлын хүрээнд зүүн дөрвөн зам, замын цагдаагийн  уулзвар, яармагийн гүүрний ажлуудыг хийж эхэлж байна.

- Гүүрэн замууд баригдсанаар, түгжрэл хэр буурах боломжтой байгаа вэ? 

Авто замын түгжрэлийг бууруулахын тулд 20 уулзварыг хоёр түвшний огтлолцолтой болгох ажлын хүрээнд зүүн дөрвөн зам, замын цагдаагийн уулзвар, яармагийн гүүрний ажлуудыг хийж эхэлж байна. Ирэх жилүүдэд бид үлдсэн 18 уулзварыг янзалж цэгцэлнэ. Бөхийн өргөөний уулзварыг гэхэд л иргэд хоёр түвшний явган хүний гарц мэт ойлгоод байгаа боловч явган хүний гарцтай хоёр түвшинт огтлолцдог замыг цогцоор нь шийдэх ажил байгаа юм. Гадаад харилцааны яамны уулзвар, замын цагдаагийн гүүр, зүүн дөрвөн замын уулзвар, яармагийн гүүрнүүд ингэж хийгдэж байгаа. 

- Дээрх замын ажлууд хийгдсэний дараа дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцдог хэлбэрт шилжих боломжтой юу? 
Аль болох дугаарын хязгаарлалтгүй өдөр болгон машинаа унаад явах боломжтой байлгахаар л ажиллаж байна. 

- Паркийн газар чөлөөлөлтийн асуудал юу болсон бэ? 

Паркийн газрын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орооод дэмжигдээд зөвшөөрөгдсөн байгаа. 

- Иргэдээс санал авах гэж буй тэгш сондгойгоор зорчих хязгаарлалт нийтийн тээвэр, хэвлэл мэдээллийн хэрэгслийн автомашинд хамаарах уу? 

Хэвлэл мэдээллийн автомашин, нийтийн тээврийн автобус бол хязгаарлалтгүй явна. 

- Хэрэв энэ саналыг иргэд дэмжихгүй, дугаарын хязгаарлалт энэ хэвээрээ байвал дээрх замын ажлуудыг хийх боломж бий юу? 

Хэрэв иргэд дэмжихгүй бол хуучнаараа байна. Энэ тохиолдолд замын ажлуудыг хийж болно. Гэхдээ түгжрэл маш ихээр үүсэх тооцоолол гарч байгаа. 

- Иргэдээс авах санал хэдийн хүртэл үргэлжлэх вэ? 

Гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл Нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагын цахим хуудас, Замын цагдаагийн газрын цахим хуудас зэргээр зэрэг санал асуулга явагдана. 

- Хөдөө орон нутаг руу хотоос гардаг гарцуудыг нэмэгдүүлэх ажил хийгдэх үү. Баруун, зүүн тийш ганц гарцтай учраас түгжрэл их үүсээд байдаг? 

Энэ жил Баянзүрхийн товчооноос Налайх, Чойр хүртэл дөрвөн огтлолцолтой зам барихаар зураг төсөл нь гарсан байгаа. 

- Дээрх бүтээн байгуулалтуудад нийтдээ хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Өмнөх замын ажлуудаас юугаар онцлогтой вэ

Энэ жил Улаанбаатар хотын авто замын хөрөнгөөр 35.9 тэрбум төгрөгийг замын хөрөнгө оруулалтад хийнэ. Дээрээс нь гадаадын зээл тусламжийн хөрөнгүүдээр бас гүүрэн гарцуудыг хийж байгаа. Мөн Зүүн дөрвөн замын хоёр түвшний огтолцлыг нийслэл өөрийнхөө хөрөнгөөр бие дааж хийж байгаа. Замын цагдаагийн гүүрэн гарц, Яармагийн гүүрэн гарцыг бол Хятадын зээл тусламжаар хийж байгаа. Ингээд нийт 20 ийм гүүрэн зам барихаар төлөвлөж байгаагаас гурав нь хийгдэж байна. Цаана нь 17 зам үлдэж байгаа. Үлдсэн гарцуудыг 2020 он хүртэл барина. 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН