Нүүрс тээвэрлэлтийн С зөвшөөрлийг стандартын шаардлага хангасан аж ахуй нэгжүүдэд олгоно

2018-03-29 10:05

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтэд тулгамдаж буй цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлаар нээлттэй сонсгол зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ЗТХЯ, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын төлөөллүүдээс гадна Гашуунсухайт, Ганцмодны боомт руу нүүрс экспортлогч уурхайн төлөөллүүд болон нүүрс тээвэрлэгч 135 аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцож, санал солилцлоо.

Энэхүү хэлэлцүүлгээр Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлд нүүрс тээвэрлэлтэд тулгамдаж байгаа асуудал, С зөвшөөрлийг олгох схем, нүүрс экспортыг тээвэр зохицуулалттай уялдуулах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар дээрх байгууллагууд хамтран хэлэлцсэн юм.

АМГТГ-аас Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс, Тавантолгойн уурхайнууд 23 сая орчим тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг ирүүлсэн бөгөөд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас энэхүү төлөвлөгөөтэй уялдуулан тээвэр зохицуулалтыг хийх юм.

Хэлэлцүүлгийн үеэр ЗТХЯ-ны ХШҮДАГ-аас тээвэрлэлт хийх стандартыг боловсруулан гаргасан талаараа танилцуулсан бөгөөд тус сандартад тээвэр эрхлэгч аж ахуй нэгжүүд ямар шаардлага хангасан байх, засвар үйлчилгээний байр, амрах байр зэргийг тусгаж өгсөн байна.

2018 онд тус чиглэлд 68 зам тээврийн осол гарч 2 хүн нас барсан тул аж ахуй нэгжүүд ЗТХЯ-наас МХЕГ-тай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, шаардлага хангасан аж ахуй нэгжүүдэд тээвэрлэлт эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг шийдвэрлэнэ гэлээ. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн 60 орчим хувь нь л шаардлага хангасан байгаа гэдгийг энэ үеэр онцлов. Мөн Зам, тээврийн осолд орсон автомашиныг тээврийн хэрэгслийг засварт оруулах журмын дагуу тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоонд хамруулж бүртгэлжүүлсний дараа тээвэрлэлтэд оролцуулахаар зохицуулалт хийх шаардлагатай байгааг онцоллоо.

Хил хамгаалах ерөнхий газраас боомтын дэг журмыг сайжруулахад тээвэр эххлэгч аж ахуй нэгжүүд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг хэллээ. Тухайлбал хууль эрх зүйн боловсрол дутмагаас болж жолооч нар хар тамхи, галт зэвсэг, гэмт хэргийн золиос болж болзошгүй байгаа тул энэ тал дээр дээрх байгууллагууд хамтарч дэг журам тогтоох хэрэгтэй байгааг хэллээ. 

Аж ахуй нэгжүүдээс С зөвшөөрөл олгохтой холбоотой хэд хэдэн саналууд гарсан бөгөөд “1 жолооч 1 компани дүрмийг сахих, стандартын шаардлага хангасан компаниудын тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох, экспорттой уялдуулан шаардлага хангасан компаниудад тээвэрлэлт эрхлэх зөвшөөрөл олгох нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.