Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг үл маргах зарчмаар татан буулгана

2018-04-24 12:25

Тээврийн хяналтын албаны Салаа зам хариуцсан байцаагч Д.Алтангэрэлтэй ярилцлаа.  

-Замын цагдаагийн уулзвар дээр барих гүүрэн гарцын барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан 406 км-ийн гармыг шилжүүлэн суурилууллаа. Түр гармыг өнөөдөр /өчигдөр/ хүлээн авсан байна. Энэ талаар тодруулаач?

-Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Төрийн захиргааны байгууллага болох Зам, тээврийн хөгжлийн яамнаас УБТЗ-ын даргад Амгалан-Улаанбаатар хоорондын замд байх 406 км-ийн дохиолол, жижүүрийн зохицуулалттай гарамыг хааж, 405 км-ийн зургадугаар зуутад шилжүүлэн түр гарам барих тухай албан тоот ирсэн.

Үүний дагуу УБТЗ-ын Зам, Дохиолол холбоо, Эрчим хүчний ангиудын хамтарсан комисс дөрвөн сарын 16-23-ны 07.00 цагт хүртэл өдөр, шөнөгүй ажиллалаа. Өнөөдөр 07.00 цагийн байдлаар гармын тоноглол иж бүрэн ашиглалтад орж, техникийн комисс хүлээн авсан. Одоо гарам дээр Авто замын хөгжлийн газрын зүгээс бага зэрэг тохижилтын ажил хийх дутуу. Тохижилтын ажлыг гүйцээж хийх тухай УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын албан тоот гарч Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүргүүлээд байна.

Мөн үүнтэй зэрэгцээд "Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр УБТЗ гарам шилжүүлэх ажлыг бүрэн хийж дуусгалаа. Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссыг томилж өгнө үү" гэсэн утгатай албан тоотыг хүргүүлнэ. Комисс ажиллаад энэ долоо хоногтоо гармыг хүлээн авбал 1.6 жилийн хугацаатайгаар түр гарам ашиглалтад орно. Өнөө өглөө Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргаар ахлуулсан комисс түр гарам дээр ажилласан.

-Түр гарам хүчин чадлын хувьд ямар бололцоотой вэ?

-Хуучин 406 дугаар км-ийн гарам л тэр чигээрээ гэсэн үг. Авто замын хувьд нэвтрүүлэх чадал нь арай нарийн, хоёр тийшээ явсан нэг нэг урсгалтай. Ер нь, төмөр замын гарам ашиглах зааварт авто замын ойртох хэсгийн шаардлагыг хангахгүй байгаа. Тийм учраас улсын комисс хүлээж авахад "Үүнд анхаарах шаардлагатай" гэсэн саналыг тавина.

407, 406, 396 дугаар км-ийн гармаар хоногт 70 орчим мянган автомашин нэвтэрдэг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр мөн тооны автомашин, хөдөлгөөний эрчимжилт гарах магадлалтай.

-Галт тэрэгний хувьд?

-Хоногтоо 24-өөс дээш тооны хос галт тэрэг явж байгаа. Авто замын хөгжлийн газраас тайлбарлаж буйгаар "Төмөр замын гарам нь авто замтай нэг түвшинд байх нь хөдөлгөөний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй. Галт тэргийг өнгөрүүлэх гэж маш олон газар авто замын түгжрэл зохиомлоор үүсч байна" гэж тайлбарласан.

Дээр нь, авто замын гэрлэн дохионууд зохиомол түгжрэл үүсгэдэг. Тэгэхээр гармыг хоёр өөр түвшинд огтлолцуулах нь олон хүндрэлийг шийднэ хэмээн тайлбарласан.    

-Хотын дундуур явсан төмөр замын гармуудад Төмөр замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллан хөдөлгөөн зохицуулж байсан. Энэ зохицуулалт бас хийгдэх үү?

-Тэгэлгүй яах вэ. Энэ гарам дээр ажиллаж байсан цагдаа өөрийн хуучин графикийн дагуу ажиллана. Нийслэлийн цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар ч "Шаардлагатай тохиолдолд тусална" гэсэн аман тохироотой ажилладаг.

-Таны ярианаас авто замын нэвтрүүлэх хүчин чадал бага гэж ойлголоо. Энэ нь төмөр замын тээврийн хөдөлгөөн эрчимжсэн үед галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байгаа гэсэн бодол төрлөө?

-Хуучин гармаасаа эрсдлийн хувь өндөр. Учир нь, авто замын нэвтрүүлэх хүчин чадал бага. Хоёр тийшээ явсан нэг нэг урсгалтай. Зөвхөн нэг урсгалаараа төв замтай нийлэх учир түгжрэлтэй үед гармыг чөлөөлөх боломж тун бага.

Тэгэхээр хуучин гарам дээр хийдэг байсан шиг авто машины цувааг богино богиноор таслалт хийж нэвтрүүлэх, эсвэл Нийслэлийн Цагдаагийн газартай хамтраад цагдаагийн зохицуулагч авах гэх мэтээр ямар нэгэн шийдэл гаргахгүй бол галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл үүсэх магадлалтай.

Төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг түр гарам дээр ажиллаад гаргасан дүгнэлтэд нэг ийм өгүүлбэр бий. "Гүүр ашиглалтад орсны дараа тухайн түр гармыг үл маргах зарчмаар УБТЗ татан буулгана" гэж. Тэгэхээр хугацааны хувьд нарийн заасан зүйл байхгүй. Гүүр ашиглалтад орсон тохиолдолд л түр гармыг хаана.

-Гармыг шилжүүлэхтэй холбоотой гарсан зардлыг хэрхэн шийдсэн бэ?  

-Зардлыг Авто замын хөгжлийн газраас гаргасан. "Бүх зардлыг нэхэмжлэлийн дагуу саадгүй төлнө" гэсэн тохироотой байгаа. Бид санхүүгийн тайлангаа эцэслэн гаргаагүй. Байгууллага, байгууллага дээр тус тусдаа материал тоног төхөөрөмж, ажлын хүч, илүү цаг, хоол унд гээд тооцоо гарна. Өдөр шөнөгүй хоногийн 24 цагаар график гаргаж ажилласан.           

 

Эх сурвалж: ikon.mn