Нийслэлийн зарим уулзварууд ЦАГДААГИЙН БИЕТ ЗОХИЦУУЛАЛТГҮЙ болно

2018-04-26 15:57

Замын цагдаагийн алба нь 2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй эрсдэлээс эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор хяналт шалгалтыг эрчимжүүлэн, Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хууль болон ослын хор уршгийг таниулах, сурталчлах, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллалаа.

Уг үйл ажиллагааны үр дүнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгэслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 28 хувиар, ослын улмаас амь нас нь хохирсон хүн 33.7 хувь, гэмт хэргийн улмаас гэмтсэн хүн 27.5 хувь, амь нас нь хохирсон хүүхдийн тоо 76,9 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 32 хувиар, явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан осол 58.3 хувиар гэх зэргээр тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.

2017 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 1,153,000 жолооч бүртгэгдэж, 900,000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, 975 замын цагдаагийн алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд олон улсын жишгээр нэг алба хаагч өдөрт дунджаар 120-150 тээврийн хэрэгсэл шалгах байдаг бол манай улсад нэг алба хаагч өдөрт 1800 орчим тээврийн хэрэгслийг шалгаж байна.

Түүнчлэн тус алба нь хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээсээ гадна хөдөлгөөний ачааллыг бууруулахад дэмжлэг үзүүлж төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасан албан тушаалтан, зочин төлөөлөгчдийн замын хөдөлгөөнд оролцох үед, замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал /зам, замын байгууламж эвдэрсэн, байгалийн гамшиг, гал түймэр, халдварт өвчин гэх мэт/ үүссэн үед, эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу /баяр наадам, тэмцээн уралдаан, жагсаал цуглаан гэх мэт/ нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах үед, зам тээврийн осол гарсан үед замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор биет зохицуулалт хэлбэрээр хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд иргэдээс цагдаагийн алба хаагчаар биет зохицуулалт хийх бус техник технологи /гэрлэн дохио, хяналтын камер, хөдөлгөөний ачаалал мэдрэгч гэх мэт/ ашиглан зохицуулалт хийж байх талаар саналууд ихээр ирэх болсон.

Улаанбаатар хотын  авто замыг 100 хувь гэж авч үзвэл цагдаагийн алба хаагчид 20 хувийг нь хяналтандаа авч, үлдсэн хувийг нь гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэлийн дарааллаар зохицуулж хөдөлгөөнд оролцох ёстой байдаг.

Мөн бусад орнуудын цагдаагийн байгууллага ч энэ жишгээр хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд тус албанаас замын хяналтын төхөөрөмж ашиглан хянаж, зохицуулах боломжтой уулзваруудад ажиллаж байгаа алба хаагчдыг шилжүүлэн гудамж, замд хяналт тавих, бусад зам уулзваруудад нэмэгдлээр ажиллуулахаар төлөвлөж байна.

Тухайлбал: БГД-ийн нутаг Өргөө кино театр, Ахуй үйлчилгээний төв, Гэмтлийн эмнэлэгийн баруун урд болон 25-р эмийн сангийн уулзвар, 100 айл, Замын цагдаагийн баруун урд уулзвар, Урбанек төв зэрэг уулзваруудад замын хяналтын төхөөрөмжөөр хөдөлгөөн зохицуулалт хийж, ажиллаж байсан алба хаагчдыг алслагдсан болон бусад гудамж замуудад сэлгэн ажиллуулна.

Зарим уулзваруудыг техник төхөөрөмжөөр зохицуулах хэдий ч байнгын хяналттай байлгах тул иргэд та бүхэн цагдаа ирж зохицуулна гэсэн сэтгэлгээг өөрчилж, хөдөлгөөнд дэг журамтай, сахилга, соёлтой оролцохыг зөвлөж байна.