Амаржих төвүүдийн гадна тохижилтын ажлууд эхэллээ

2018-06-05 15:50

БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах тохижилтын ажил нөгөөдөр буюу 6 дугаар сарын 7-нд эхлэхээр боллоо. Энэхүү ажил нь нийслэлийн төсвөөр 2018 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудын нэг юм. Тохижилтын ажлын хүрээнд авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух зогсоол барина. 

Зам барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Эх нялхас /хуучнаар/ руу орж гарах гарц, замыг ээлжлэн хаах тул та бүхэн анхаарал болгоомжтой зорчиж, бүтээн байгуулалтын ажлыг дэмжин, хүлээцтэй хандана уу. Улсын их баяр наадмын өмнө ажлаа дуусган хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Эмнэлгийн холбогдох ажилтнууд болон гүйцэтгэгч байгууллагын инженерүүдтэй Авто замын газрын мэргэжилтнүүд уулзлаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар гүйцэтгэж буй уг ажлыг “Энигма Констракш” ХХК гүйцэтгэж байгаа юм. Мөн Баянзүрх дүүрэг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайд хийгдэх авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух талбай барих ажил эхлээд байна. Нийслэлийн Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа энэ ажил 8 дугаар сард дуусна. “Өргөө” амаржих газрын гадна талбайн тохижилтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Тус эмнэлгийн гаднах авто зогсоол, авто замын ажлыг гүйцэтгэх юм гэж нийслэлийн Авто зам хөгжлийн газраас мэдээллээ.