Шөнийн цагаар дрифт хийж, яндангаа “орилуулдаг” жолооч нарт дараах арга хэмжээг авна

2018-06-27 04:49

Шөнийн цагаар орон сууцны хороолол дунд дрифт хийж, яндангаа дуугарган, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж буй жолооч нарт ямар шаардлага тавьж, хариуцлага тооцдог талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Шөнөөр орон сууцны хороолол дунд дрифт хийж, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж буй жолооч нарт хариуцлага тооцдог уу? 
-Хуульд дрифт хийвэл ийм арга хэмжээ тооцно гэсэн заалт байхгүй. Гэхдээ спорт автомашины яндангаас дуу чимээ гардаг учраас яндан стандартын дагуу байгаа эсэхэд хяналт тавьдаг. Дрифт хийхэд хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн, урсгал  сөрсөн, гэрэл дохио зөрчсөн гэх мэт зөрчлүүд гаргасан бол арга хэмжээ тооцно. Яндангаас стандартад зааснаас давсан чимээ гарч байгаа бол 20 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулдаггүй. 

-ЗЦА-аас үүнийг шалгаж, хариуцлага тооцдог уу?
-Замын цагдаагийн албанаас хяналт шалгалт хийж байна. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүрэгт долоо хоногийн турш шалгалт хийсэн.

•Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “Улсын стандарт шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө”, 
•Замын хөдөлгөөний дүрэмд “Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан. 
•“Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2003 стандартад тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшин суудлын автомашин бензин хөдөлгүүртэй бол 74, дизель бол 75 Дб /децибалл/-аас тус тус хэтрэх ёсгүй гэж тогтоосон.
Энэ заалтаас хэтэрсэн бол тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

 

Хууль, дүрэмд заасны дагуу утааны яндангаас гарах дууны хэмжээ хэтэрсэн тээврийн хэрэгслийг нэг бол дуу намсгагч /глушитель/ ажиллахгүй болсон, эсвэл зориулалт бусаар өөрчилж тоноглосон гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу  хүнийг 20,000 төгрөг, хуулийн этгээдийг 200,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг. 

Оношилгоо хийлгэх үед  яндангаас гарах дууны хэмжээг хэмждэг. Хэмжиж байгаа хэдий ч  зарим автомашиныг тэнцүүлдэг, хэмжсэний дараа өөрчилж тоноглодог гэх мэт асуудлууд гарч байна.

Зуны цагт ялангуяа спорт яндангаа дуугаргаж явдаг. Манай алба яндангаас гарах дуу хэмжээг зориулалтын багажаар хэмжиж үзээд хуулийн дагуу арга хэмжээ тооцдог. Хэдийгээр зориулалтын спорт автомашин, зориулалтын яндантай байдаг ч гэсэн стандартад заасан хэмжээнээс хэтэрч болохгүй. 

-Танайд энэ асуудлаар гомдол ирж байсан уу. Шалгалт явуулснаас хойш одоогоор хэчнээн жолоочид арга хэмжээ аваад байна вэ?
-Гомдол ирж байсан. Бид тоогоо хараахан нэгтгээгүй байна. Гэхдээ бидний хийж буй шалгалт энэ сараар хязгаарлагдахгүй. Бид байнга хянаж шалгаж байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд: 

“Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1 сая  төгрөгөөр торгоно” гэж заажээ. 

 

Одоогоор иргэдээс дараах байршлуудад шөнийн цагт дрифт хийж байна гэсэн гомдол ирж байна. Үүнд: 

  • ХУД, 15 дугаар хороо, Наадам центрийн хойд талын аюулгүйн тойрог
  • Сансарын туннель орчимд
  • Төмөр зам орчимд
  • Улаанхуаран, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн гадаа
  • Циркийн урд талбайд

Эх сурвалж: www.gogo.mn