Б.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

2018-07-17 09:51

Автотээврийн ундэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзонгоос зарим зуйлийг тодрууллаа.

-Хувь хүн, албан байгууллага машинаа бүртгэлээс хасуулахын тулд хаана хандах ёстой вэ?

-Хувь хүн манай байгууллагын 1900-1234 дугаарын утас болон архив лавлагааны 70070018 утсанд холбогдож мэдээлэл авч болно. Олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулан нэр шилжүүлэхээр болсон ч тухайн хүн шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирдэг. Тэгэхээр тулгалт хийсний дараа өөрт байхгүй гэдэг хүсэлтийг өгч хасалт хийлгэх хэрэгтэй.

-Тээврийн хэрэгслийг хасуулахын тулд ямар шаардлага тавих вэ?

-Хасалт хийлгэх тээврийн хэрэгсэл татварт тодорхой хэмжээний төлбөр төлөх эрх үүссэн бол түүнийг барагдуулах учиртай. Нийслэлийн долоон салбарт очиж тээврийн хэрэгслийн лавлагаа авч, хасалт хийлгэх боломжтой. Үүний тулд хувь хүн өөрийн бичиг баримттайгаа ирнэ. Түүнчлэн Татварын тухай хуулиар таван жилийн турш техникийн үзлэгт хамрагдаагүй, татвараа төлөөгүй бол иргэний хүсэлтийг үндэслэн хасалт хийнэ. Мөн эзэмшигч тээврийн хэрэгслээ огт ашиглахгүй байгаа бол улсын дугаарыг хураалган бүртгэлээс хасуулна.

-Хасалт хийлгэх тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөрийг нэг удаа өршөөх тухай яриа гарч байсан шүү дээ?

-Татварын ерөнхий газар болон манайхаас хамтарсан ажлын хэсэг гарч хөөн хэлэлцэх хугацааг тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл, таваас дээш жил татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг хасах юм. Түүнчлэн Казахстан руу зарагдсан 12 мянган орчим автомашины эзэмшигч хүсэлт өгч хасуулах хэрэгтэй. Ингэхдээ татварын газрын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт авчрах хэрэгтэй. Хэрэв гэрчилгээ байхгүй бол тодорхой хэмжээний торгууль төлнө.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин