Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

2018-07-17 12:54

Орон нутагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин Улаанбаатар хотод тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гарчээ. Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн “Городок”, “4 дүгээр зөрлөг”, Сонгинохайрхан дүүргийн “Шар хөтөл”, Баруун турууны авто тээврийн шалган бүртгэх товчоодод 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрүүдэд дүүргийн мэргэжлийн байгууллагуудыг 24 цагаар ажиллуулахаар томиллоо. Томилгоот албадууд ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэг ажиллуулах юм. Мөн Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 08 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан “Мал сүргийг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулан, хүн, малын зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөнт хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт болон холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.