Шинэ байнгын хяналтын пост үйл ажиллагаагаа эхлүүлээ

2018-09-20 00:11

Орон нутгийн замд зам тээврийн осол, хэрэг, түүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналтыг сайжруулах зорилгоор энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18 аймагт 27 байнгын хяналтын пост шинээр байгуулж байгаа бөгөөд эхнээсээ ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Тухайлбал 2018 оны 09 сарын 13-нд  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт буюу Архангайн салдаг уулзвар дээр Замын хөдөлгөөний байнгын хяналтын пост шинээр ашиглалтад орж, хүлээн авлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж, ахуйн газрын Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав, Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ж.Эрдэнэбаатар, Тээврийн цагдаагийн албаны Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар нар болон Сонгохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, алба хаагчдын төлөөлөл нар оролцлоо.

Уг хяналтын пост нь ашиглалтанд орсноор баруун аймгууд руу чиглэн явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг,зөрчил болон мал хулгайлах болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хяналтын пост нь ажлын байр, алба хаагч нарын амрах өрөө, гал тогооны хэсэг, автомашины дулаан гражтай, хатуу түлш болон цахилгаанаар халдаг орчин үеийн жишигт нийцсэн юм.