Тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав

2018-09-20 00:17

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудтай өнөөдөр уулзалт хийж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. 
Энэхүү уулзалтаар аж ахуй нэгжүүд холбогдох хууль дүрэм, журам, стандартын шаардлага хангасан тээвэрлэгч, өөрсдийн жолооч нарын нийгмийн асуудлыг анхааран ажилладаг, нийгмийн даатгалд хамруулж, эрүүл мэндэд нь анхаардаг байх зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэвшүүлэхийг үүрэг болголоо. Дээрх шаардлагуудын хүрээнд аж ахуй нэгжүүдэд тээврийн хэрэгслийн С зөвшөөрлийн бичиг олгох бөгөөд тус үйлдвэрийн газраас тээвэрлэгч аж ахуй нэгжүүд дотооддоо тээвэр зохицуулалтаа хийх үүрэг чиглэлийг өгсөн юм.
Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд дотоод хяналтаа сайжруулж, орон нутагтаа байгаа төр захиргааны мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, тээврийн инженер, жолооч нартаа сургалт сурталчилгаа хийх, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа.
Ойрын өдрүүдэд цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй тул өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар онцгойлон сануулав.
Уулзалтын үеэр тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудаас хэд хэдэн санал гарсан бөгөөд төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд гол хөшүүрэг болсон улс хоорондын ачаа тээврийн салбараа боловсронгуй болгоход автотээврийн мэргэжлийн байгууллагууд тууштай анхаарах, зөвшөөрлийн бичгийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулж олгох зэрэг саналуудыг гаргаж байв. Мөн зам, тээврийн осол зөрчлийн дийлэнхийг нэг эргэлтэд хөлсөөр ажилладаг жолооч нар гаргаж байгаа тул “Нэг жолооч-Нэг тээврийн хэрэгсэл” гэсэн журмыг мөрдүүлэх эсэхийг шйидвэрлэж өгөхийг хүслээ.