ШУУРХАЙ МЭДЭЭ: Цаг агаарын онцгой нөхцөлд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна

2018-09-21 05:43

Орон нутгуудад цаг агаар хүндэрч, цасан шуурга шуурсантай холбоотойгоор хот хоорондын замын нөхцөл байдал хүнд байгаа тул Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын “Шуурхай бүлэг” хуралдаж зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Замын нөхцөл байдал хэвийн болох хүртэл саатсан зорчигчдыг галт тэргэнд шилжүүлж суулгах, төв суурин газарт дулаан байр, хоол хүнсээр хангах ажлыг зохион байгуулж байна.

Мөн Төв аймгийн Жаргалант, Баян-Чандмань, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт цас орсны улмаас Тахилт болон 52-ын даваануудын хооронд замын нөхцөл байдал хүндэрч, АЗЗА-аас баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй талаар мэдээллээ.

Иймд нийт зорчигч, тээвэрчид онцын шаардлагагүй тохиолдолд өнөөдөр /2018.09.20/ хойд чиглэл буюу Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлүүд, маргааш /2018.09.21/ зүүн чиглэл буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Багануур чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

 

                                          АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ