Хүний амь нас хохирсон ослын 18.4 хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй байна

2018-10-16 00:18

2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй дуудлага, бүртгэгдсэн зам тээврийн осол, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, хүүхэд өртсөн ослын гаралт буурсан байна. Мөн “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2018” нэгдсэн арга хэмжээ 2018 оны 06 дугаар сараас эхлэн явагдсантай холбоотой 6-9 саруудад орон нутагт гарсан хэрэг, нас баралт, гэмтсэн хүний үзүүлэлт 9.6-24.0 хувиар буурсан нь орон нутгийн замд хяналт, шалгалт эрчимжсэнтэй холбоотой юм.

Зам тээврийн осол, хэрэг буурсан хэдий ч иргэн, аж ахуйн нэгжид учирсан эд материалын хохирол 4.1 дахин өссөн, хүний амь нас хохирсон ослын 75.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн, хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон осол 24.4 хувиар өссөн зэрэг үзүүлэлтүүдээс харахад хүний амь нас хохирсон, ноцтой ослын гаралт буурахгүй байгааг харуулж байна.

Дээрх бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан нөхцлөөс харахад жолоочийн буруутай үйлдлээс 97.7 хувь нь бүртгэгдэж, жолоочийн буруутай үйлдэл дотроо хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, ухрах үйлдэл буруу гүйцэтгэсэн, хурд хэтрүүлсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнээс гарсан осол дийлэнх хувийг эзэлсэн байна.

Түүнчлэн хүний амь нас хохирсон ослын 25.9 хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос, 18.4 хувийг хурд хэтрүүлсэнээс, 46,5 хувь нь онхолдох хэлбэрээр гарчээ.

Цаашид өвлийн улирал эхэлж хүйтрэх, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр эрсдэлт нөхцөл байдлууд үүсэх тул хөдөлгөөнд оролцогч нар замын нөхцөл байдал, тээж яваа ачаа, байгаль цаг уурын нөхцөл байдалд тохируулан хөдөлгөөний хурдыг зөв сонгон зорчих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.