“ХАНГАРЬД” хот хоорондын автобус терминалын шавыг тавьлаа

2018-10-17 05:07

Нийслэлийн өмчит “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ны шинэ бүтээн байгуулалтын нийт 130 га талбайг барьж байгуулах, шинэ авто вокзалын шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Авто худалдааны цогцолборт зохион байгуулагдлаа. Шав тавих ёслолын арга хэмжээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн захирал О.Мөнгөншагай, НИТХ дарга С.Амарсайхан болон холбогдох албаныхан оролцлоо.
Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь логистик терминал карго ачиж буулгах нэгдсэн төвийн бүс Төмөр замын давуу талаа ашиглан нэг бүс нэг зам санаачлагатай уялдуулсан үндэсний хэмжээний логистикийн төв болох зорилготойгоор дараагийн шатны бүтээн байгуулалтаа ийнхүү эхлүүлжээ. 
Энэ төслийн хүрээнд баригдах шинэ авто вокзал нь Улаанбаатар хотоос аймаг орон нутаг болон Улаан-Үүд, Эрээн хотын хооронд зорчих зорчигчдод олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэх орчин үеийн шилдэг шийдэлтэй төв болох юм байна. Мөн авто машин, сэлбэг хэрэгсэл, бусад барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх гаалийн хяналтын бүсийг байгуулахаас гадна 20 автобусны зогсоол бүхий баруун бүс, хот хоорондын автобус терминал ашиглалтанд орох юм. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тус арга хэмжээний үеэр “Авто худалдааны цогцолборт нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, гаалийн бүрдүүлэлт хийх, импортоор орж ирсэн тээврийн хэрэгслүүдийг бүртгэх, гэрчилгээ, дугаар олгох зэрэг үйл ажиллагааг энд төвлөрүүлж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэхэд Автотээврийн үндэсний төв чухал үүрэг гүйцэтгэж байгаа” хэмээн онцлон хэллээ.

Автотээврийн төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран “Ирээдүйн хөгжлөө тодорхойлсон энэхүү бүтээн байгуулалтыг хийж, хэрэгжүүлж буй нь тээврийн салбарт ихээхэн ач холбогдолтой ажил болж байна. Тус логистикийн төвийн хэтийн зорилгыг зөв тодорхойлсноор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлж, олон улсын худалдаа логистик, ая тухтай орчин бүрдсэн олон улсын тээврийн сүлжээг зөв байгуулахад гол зангилаа болно гэж найдаж байна. Олон улсын ачаа тээврийн энэхүү төв нь олон улсын транзит тээвэрт чухал үүрэг гүйцэтгэхээс гадна олон улсын зорчигч тээврийн төвүүдийг төвлөрүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн хэллээ. 
Шинээр байгуулагдах тус автовокзалд тийз борлуулах үйлчилгээг дотоодын болон гадаадын аялагч, жуулчдад хялбар хүргэх үүднээс бүрэн автомат онлайн худалдааны сүлжээг нэвтрүүлж, Зорчигч тээврийн маршрут болон цагийн хуваарь нь ухаалаг програмаар зохицуулагдаж авто вокзал дээр түгжрэл, давхардлыг үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх аж. Нийт 24 автобусны гарцтай байх шинэ Авто Вокзалын нийт талбай 4200м2 байх ба нийтийн танхим нь 2200м2, худалдаа үйлчилгээний хэсэг нь 2000м2 талбайтай байхаар төлөвлөжээ.