Орон нутгийн автозамын 27 постыг тусгай тоног төхөөрөмжөөр тоноглолоо

2018-10-25 13:18

Улсын хэмжээнд жилд дунджаар зам тээврийн ослын улмаас 500 орчим хүн амь насаа алддаг бөгөөд эдгээрийн 78 хувь нь орон нутгийн замд гарсан харамсалтай тоо баримт бий.  

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замын хяналтын 27 цэг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг өнөөдөр Тээврийн цагдаагийн албанд хүлээлгэн өглөө. Үүнд ажлын өрөөний техник хэрэгсэл, согтолт тандагч, камер, иж бүрэн компьютер, хурд хэмжигч, суурин гэрлэн дохио зэрэг техник хэрэгслүүд багтсан байна. 

Зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг зөв тогтоох, орон нутгийн автозамд гарч буй осол зөрчлийг бууруулах, хяналтыг сайжруулахад ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ихээхэн анхаарал хандуулж, олон улсын жишигт нийцсэн техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг ийнхүү үзүүллээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба зэрэг байгууллагууд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатайгаар зохион байгуулж байна.

ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд “Орон нутгийн замд иж бүрэн тоноглолтой хяналтын постууд байгуулагдсанаар орон нутагт гарч буй зам тээврийн ослыг тодорхой хэмжээгээр бууруулах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой” хэмээн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үеэр онцлон хэллээ.