“Төмөр замын гарам-Аюултай бүс” сургалтад 437 жолооч хамрагдлаа

2018-01-05 01:03

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхээр хуваарьт сургалтуудыг зохион байгуулдаг. Энэхүү сургалтын төлөвлөгөөний дагуу Нийслэлийн тээврийн газар, Төмөр зам дахь цагдаагийн газар хамтран “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 437 жолоочийг “Төмөр замын гарам-Аюултай бүс” сургалтад хамрууллаа. Энэ үеэр “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Нарны зам” сургалтын төвийн сургалтын албаны дарга Б.Төөрүүл Зөрчлийн тухай хууль, хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийн, анхааруулга зөвлөмж өгсөн юм.

Галт тэрэгний жин 1500 тн хүртэл байдаг учраас бүрэн зогсох зай нь автомашиныхаас 10 дахин их байдаг. Галт тэрэг 90 км/цагийн хурдтай явж байгаа үед зогсоход 800 метр шаардлагатай /жин, хурдаас шалтгаалан 1200 метр хүртэл ч явж болно.

Тиймээс төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч хаалтнаас 5 метрээс багагүй зайд, хаалтгүй тохиолдолд төмөр замаас 10 метрээс багагүй зайд  зогсож галт тэргийг өнгөрүүлэх ёстой.

Зарим хамгаалалттай гармуудад хөдөлгөөний эрчимжилтээс шалтгаалан нэмэлтээр автомат сөхөгддөг саадаар тоноглосон байдаг. Энэхүү саад нь  бөгөөд хөндлөвч хаалт бууснаас хойш 3-5 секундын дараа автоматаар сөхөгддөг. Тиймээс гар ажиллагаагаар тохируулах боломжгүй байдаг.

Жолооч нар төмөр замын гармын хаалт хаалттай, хаагдаж эхлэх,  анивчсан улаан гэрэл ассан, дуут дохио ажиллаж байхад, гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглодог заалтыг чандлан мөрдөх хэрэгтэй болохыг сургалтын үеэр онцлон анхаарууллаа гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс мэдээллээ.