Автомашины улсын дугаарыг латин үсгээр оруулах стандарт батлагдаагүй байгаа гэв

2018-01-16 04:45

Авто тээврийн улсын дугаарыг энэ оны долоодугаар сарын нэгнээс эхлэн шинэчлэх болсон билээ. Энэ ажлын хүрээнд Авто тээврийн үндэсний төв болон Зам тээвэр, хөгжлийн яамны холбогдох мэргэжилтнүүд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж буй аж. Автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу 4 орон тоо, үсгийг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 4410:2002 гэсэн стандартыг 2002 онд баталсан байдаг.

Одоогийн мөрдөж буй тээврийн хэрэгслийн улсын дугаар тэмдэгийн стандарт 2002 онд батлагдан өнөөдрийг хүртэл мөрдөж байгаа бөгөөд энэхүү стандарт батлагдах үед Монгол Улсын хэмжээнд 142463 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2016 оны жилийн эцсийн байдлаар 5.8 дахин нэмэгджээ.

Энэ асуудлаар Авто тээврийн үндэсний төвөөс тодруулахад “дэлгэрэнгүй журам удахгүй боловсруулагдана. Журам нь батлагдаагүй байна. Харин улсын дугаарыг латин үсэг болгох асуудлаар яригдаж байгаа. Стандарт хараахан батлагдаагүй' гэсэн хариултыг өглөө.

Мөн тээврийн хэрэгслийнхээ дугаарыг солиход одоо хэрэгжиж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авахаас бус бусад нэмэлт төлбөр авахгүй аж. Улсын дугаарыг шинэчлэх болсон гол зорилго нь иргэд олон улсад зорчиход тулгардаг байсан бэрхшээлийг хөнгөлж буй юм. Иймд улсын дугаарын тэмдгийн стандартын шинэчлэн найруулсан төслийг танилцуулж байна. Ирэх долоодугаар сарын нэгнээс хэрэгжих уг төсөлд дараах байдлаар өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс онцоллоо.

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийн стандартад оруулсан нэмэлт өөрчлөлт:

Тээврийн улсын дугаарын сери нь эзэмшигчийн харьяалалыг заахгүй

Улсын дугаарын тэмдэгтийн серийн дугаар нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн засаг захиргааны харьяалалаар ялгаатай байсныг өөрчлөн улсын хэмжээнд нэгдмэл болгосон.

Жил дутам 50 000 орчим тээврийн хэрэгсэл шилжилт хөдөлгөөн хийлгэж шинээр дугаарын тэмдэг хийлгэж байна. Энэ нь мөнгөн дүнгээр үзвэл 1 тэрбум орчим төгрөгийн зардал гарч байна. Эзэмшигч өөрчлөгдсөн ч улсын дугаар өөрчлөгдөхгүй.

Нэг машин нэг дугаар

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд анх бүртгэгдэн олгосон улсын дугаар нь тухайн тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдах хүртэл солигдохгүй. Эзэмшигч өөрчлөгдсөн ч улсын дугаар өөрчлөгдөхгүй.

MGL ялгах тэмдэг

Улсын дугаарын тэмдэг дэх MNG ялгах тэмдгийг MGL гэсэн ялгах тэмдгээр сольсон. Учир нь Монгол Улс 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо байгуулсан “Замын хөдөлгөөний тухай Конвенц”-ыг хүлээн зөвшөөрч 1997 онд нэгдэн орсон.

Нэгдэн орохдоо Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл олон улсын тээвэрлэлтэд оролцохдоо MGL гэсэн ялгах тэмдэгтэй байна гэж УИХ-аас хууль батлагдсан.

Үйлдвэрлэгчийн барааны тэмдэг

Улсын дугаарын тэмдэг бүрт тухайн дугаарын тэмдгийг үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, үйлдвэрлэсэн огноо тэмдэглэгдсэн байна.

Барааны тэмдгийг QR кодод багтааж өгснөөр хуурамчаар үйлдэхээс хамгаалагдахаас гадна тухайн улсын дугаарын тэмдгийг аль үйлдвэрт хэвлэгдсэн гэдэгт хяналт тавих боломжтой болно.

Серийн дугаарын үсэг

Серийн дугаарт ашиглаж байсан Монгол цагаан толгойн 25 үсгийг 13 болгон өөрчилсөн. Учир нь авто тээврийн олон улсын хамтын ажиллагааны хүрээ нэмэгдэж Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслээр олон улсын, бүс нутгийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох боломжтой болсон.

Олон улсын тээвэрлэлтэд оролцоход Монгол цагаан толгойн үсэг нь тухай улсад танигдахгүй, эсхүл нэг үсгийг хоёр тэмдэгт нийлүүлэн тэмдэглэх зэрэг асуудал үүсдэгээс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд бэрхшээл учруулдаг байна. Тиймээс бусад үсэгтэй андуурагдахгүй шууд уншигдах, тэмдэглэгдэх боломжтой “А, В, Д, Е, К, М, Н, Р, С, Т, У, Ү, Х”  гэсэн 13 үсгийг сонгон авсан. Ингэснээр улсын дугаар давхардахгүйгээр 13 308 669 хувилбарыг олгохоос гадна, 4 ижил дугаар цифр давтагдах магадлал 11979 байна.

Улсын дугаарын лац

Улсын дугаарын тэмдгийг тухайн тэмдгийг үйлдвэрлэгч тус тээврийн хэрэгсэлд бэхлэн лацдаж өгнө. Ингэснээр хуурамч дугаар хэрэглэх, хулгайд алдагдах, хяналт тавих зэрэгт дэмжлэг болно.

Эх сурвалж: "Ньюс.мн"

Э.Ариун