“Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, тээврийн хэрэгсэлд саад болдог асуудлыг шийднэ гэв

2018-01-17 04:58

-“ЗОГС” ШУГАМЫН АРД ЗОГСОЖ, ДАРААГИЙН ЗӨВШӨӨРСӨН ГЭРЭЛ ДОХИОГ ХҮЛЭЭХ ЁСТОЙ БАЙДАГ-

Тээврийн хэрэгслээ уулзварт зогсоох буюу хөндлөн замаар яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах нь тухайн уулзварыг блоклох буюу замын түгжрэлийг үүсгэж жолооч нарын бухимдлыг үүсгэж байдаг билээ.

Замын тэмдэглэл нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт тодорхой хэмжээний горим тогтоох, зорчих баримжаа олгох зорилгоор хийгддэг бөгөөд ялангуяа “Зогс шугам” тэмдэглэл нь жолооч нарт хориглосон гэрэл дохио болон зогсохгүй явах хориотой гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 3.5 гэсэн тэмдгийн заалтыг биелүүлэхийн тулд жолооч нарын зогсох газрыг заах зорилгоор хийгддэг аж.

Иймд жолооч нар хориглосон гэрэл дохио буюу шар гэрэл анивчих, улаан гэрэл ассан үед жолооч “Зогс шугам”-ыг давахгүйгээр тээврийн хэрэгслээ “Зогс” шугамын ард зогсож, дараагийн зөвшөөрсөн гэрэл дохиог хүлээх ёстой байдаг.

Ингэснээр тухайн уулзвараар зөвшөөрсөн гэрэл дохиогоор хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн болон явган зорчигч нарын хөдөлгөөнд саад учруулахгүй байх цаашлаад өөрийн тээврийн хэрэгслийг бусад зөвшөөрсөн гэрлээр явж байгаа автомашинтай мөргөлдүүлэхгүй байх, шүргүүлэхгүй байх боломжийг бүрдүүлж байдаг гэж ойлгож болно.  Тиймээс түгжирсэн уулзвар руу орж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж буй явдлыг багасгах чиглэлд Замын цагдаагийн албанаас анхаарч ажиллах болжээ.

Энэ талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Б.Лхагважаргал хэлэхдээ:

-“Хөдөлгөөний ачаалал, түгжрэл саатал ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил манай улсын хувьд их байна. Тухайлбал: Багшийн дээдийн уулзвар, МИС-ийн уулзвар, Цэцэг төвийн уулзвар, Төв шуудангийн уулзвар зэрэг”.

Үүнийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дах хэсэгт заахдаа “Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан байдаг. Гэсэн хэдий боловч жолооч нар амин хувиа бодох, хайхрамжгүй хандах, би л болж байвал гэсэн бодлоор  түгжрэл сааталтай уулзварт нэвтэрч байгаа нь зохиомлоор түгжрэл үүсгэх нэг нөхцөлийг бүрдүүлж байна.

Энэ нөхцөл байдал дэлхийн бусад оронд ч тохиолдож, шийдвэрлэж байсан асуудал. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Yellow boxintersection” буюу шөр дөрвөлжин тэмдэглэгээгээр уулзварт зогсож болохгүй хэсгийг зааж өгсөн байдаг. Шар хайрцгууд нь дэлхий даяар амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд жолооч нарыг тээврийн хэрэгслээ уулзвар дотор зогсоохыг  хориглодог байна. Шар хайрцаг нь тухайн уулзварын ачааллыг хэр байгааг харуулж, жолоочийн зогсох газрыг зааж өгөхөөс гадна уулзварт нэвтрэх чадварыг сайжруулна.

Хотжилт гэдэг нь олон хүн нэг дор амьдрах, олон тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох, хөдөлгөөний ачаалал үүсэх, таны эрх бусдын эрхээр хязгаарлагдах, нэг нэгэндээ зам тавьж өгөх, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах ёс зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг.  Тиймээс дээрх дүрмийг өнөөдрийн хотжсон, нэг сая 400 мянга гаруй хүн амтай энэ том хотын иргэн хүний хувьд ухамсарлаж өөрсдөө энэ талаарх мэдээллийг судалж ойлгох, бусдад үлгэрлэж явах ёстой юм.

Иймд жолооч та уулзварт орохдоо бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй тохиолдолд уулзварт орохгүйгээр “Зогс шугам”-ын ард дараагийн зөвшөөрсөн гэрэл дохиог хүлээгээд зогсох ухамсартай, сахилга, соёлтой байх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Мөн тус албанаас энэ төрлийн зөрчилд тавих хяналтыг эрчимжүүлэх, жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, түгжрэл саатлыг бууруулах чиглэлээр тодорхой төрлийн ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна гэв.

Эх сурвалж: мэдээ.мн

У.Уранцэцэг