Техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан болон шатах тослох материалын нөөцтэй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна

2018-01-23 15:54

Өчигдөр буюу 2018.01.22-ны өдөр 21 цагийн орчим Багахангай дүүргийн нутаг Хоолтын даваа орчим цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдан  замын гадаргууд хальтиргаа гулгаа үүссэний улмаас Замын-Үүдээс Улаанбатаар чиглэлд зорчиж байсан 19 зорчигчтой зорчигч тээврийн автобус гулгаж замын хажуу руу хазайж зогссоны улмаас түлш татагдахгүй болж автобус асахгүй зогссон байсныг тус дүүргийн Замын цагдаагийн хэсгээс Онцгой байдлын алба, Нийслэлийн тээврийн газарт мэдэгдэж, оройн 22 цаг 30 минутын орчим онцгой байдлын бүрэлдэхүүн болон Хот хоорондын тээврийн нөөц автобус тухайн газарт очин зорчигчдыг нөөц автобусанд суулган Улаанбаатар хотод хүргэн ирсэн байна.

Тухайн автобусанд 8 сартай бага насны хүүхэд байсныг түрүүлж Багахангай дүүргийн Замын цагдаагийн постод хүргэн Улаанбаатар хот руу чиглэсэн тээврийн хэрэгсэлд суулгаж хүргэсэн бөгөөд Онцгой байдлын албанаас 30 литр түлшийг унтарсан автобусанд хийж өгөн асааж явуулсан байна.

Жолооч та холын замд хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох мөн шатах тослох материалын нөөцийг хангалттай авах, дулаан хувцаслах зэргээр өөрсдийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох шаардлагатайг анхааруулж байна гэж Замын Цагдаагийн албанаас мэдээллээ.