Японд жолоочгүй ачааны автомашины цувааг туршжээ

2018-01-26 01:51

Өнгөрсөн мягмар гарагт автомашин үйлдвэрлэгч дөрвөн компани, Тоёота моторс групптэй хамтран хурдны зам дээр жолоочгүй ачааны машины цувааг туршжээ. Туршилтанд Токиогийн баруун хэсэг рүү чиглэсэн хурдны замаар 80км/ц хурдтайгаар 12 метр урттай гурван ачааны машинтай цуваа ( 35 орчим метр урттай) явсан байна.
 
Төслийг Японы Toyoto Tsusho компани удирдаж байгаа бөгөөд "Hino Motors", "Isuzu Motors", "Volvo Group"-ын UD Trucks, Германы "Daimler"–ын охин компани, "Mitsubishi Fuso Truck and Bus"-ын машинуудыг туршжээ.

Энэхүү технологийг ажиллах хүчний хэмнэлт хийхээр бүтээсэн бөгөөд нэг жолооч олон машиныг удирдах зорилготой ажээ.

Төслийг Японы Эдийн засаг, Худалдаа үйлдвэрлэлийн яам дэмжиж ажиллаж байгаа аж. Эдгээр компаниуд 2020 он гэхэд дээрх технологийг гүйцээж 2022 оноос үйлдвэрлэлд нийлүүлэхийг зорьж буй юм байна.

Туршилтын машин бүр жолоочтой боловч дагаж яваа машинуудад жолоодлого алдагдах тохиолдолд аюулгүй байдлын үүднээс доторх хүн жолоочийн үүрэг гүйцэтгэнэ.

Ачааны машинуудад хоорондын зайг автоматаар мэдэрч дагах систем, машин хоорондын зайг зохицуулах цахим зай хэмжигч суурилуулжээ. Энэхүү тээврийн хэрэгсэлд зориулсан технологи нь хурдны болон зайн өөрчлөлтийг түргэн илрүүлж хариу арга хэмжээ авах зориулалттай бөгөөд богино зайд цувааны хэмжээнд аюулгүй жолоодлого хийх зориулалттай юм байна. Мөн машин хоорондын бага зайд агаарын эсэргүүцэл багасч шатахуун хэмнэх давуу талтай.

Эх сурвалж:  olloo.mn