Улаанбаатар-Чойбалсан чиглэлд “номтой автобус” зорчиж байна

2018-01-30 08:10

Монголын анхны номтой автобус Улаанбаатар-Чойбалсан чиглэлд зорчиж эхэллээ. Хот хоорондын тээврийг номын санжуулж, зорчигчдод оюуны хөрөнгө оруулах замаар мэдлэгийг тэгш хүртээх, цаашлаад нийтийн тээврийн тав тухтай орчинг бий болгох зорилгоор таван залуу нэгдэн “Номтой автобус” төслийг санаачилжээ. Уран зохиол, түүх, хүүхдийн, танин мэдэхүйн төрлийн 30 гаруй номтой автобус зорчигчдод үйлчилж байна.

“Номтой автобус” төслийг санаачлан хэрэгжүүлж буй залуус “Зориг сан” болон “Швейцарын хөгжлийн агентлаг”-ийн хамтарсан оюутны тэтгэлэгт хамрагдаж буй юм байна. Тэтгэлэгт тэнцсэн оюутнуудыг багт хуваан, тус бүрт гарааны 250 мянган төгрөг хуваарилан нийгэмд тустай бичил төсөл бичих боломж олгожээ. Үүний хүрээнд “Номын гэгээ” багийн залуус тус төслийг хэрэгжүүлж, одоогийн байдлаар Дорнод, Завхан аймгийн хоёр автобусыг номын санжуулаад байна.

“Номын гэгээ” багийнхан цаашлаад бүх аймгийн автобусыг номын санжуулахаар төлөвлөжээ. 

Г.Зул