“ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ”-ийг шалгаруулаа

2018-03-06 08:37

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ, дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс нийслэлийн 9 дүүргийн замын цагдаагийн алба хаагчдын дунд “Чадварлаг алба хаагч” тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.

Хан-Уул дүүргээс 2018 оны гуравдугаар сарын 06-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье” зөвлөгөөнийг зохион байгуулах бөгөөд уг ажлын хүрээнд замын цагдаагийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сорьсон “Чадварлаг алба хаагч” тэмцээнийг явуулж, тус дүүргээс нийслэлийн төв зам руу чиглэх хамгийн ачаалалтай бүс болох 120 мянгатын 4 замын уулзварт мэргэжлийн ур чадварын буюу “Уран зохицуулагч”-ийн шалгалтыг албаны хүмүүс тодруулсан юм.

Тус тэмцээн нь Замын хөдөлгөөний дүрэм, Хууль эрх зүйн мэдлэг, Биет зохицуулалт гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээний эцсийн дүнгээр

1-р байрт Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Д.Давааням

2-р байрт Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаяр

3-р байрт Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлагч У.Мөнх-Ундрал нар шалгарлаа.

Шилдгээр шалгарсан алба хаагчдын шагналыг маргааш явагдах “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье” зөвлөгөөн дээр гардуулах юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь дан ганц цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа биш бөгөөд иргэд, жолооч нарын хууль эрх зүй, дүрмийн мэдлэг, сэрэмжтэй байдал, жолоочийн ур чадвар чухал үүрэгтэй юм.

Цаашид мэргэжлийн ур чадварын “Чадварлаг алба хаагч”-ийг шалгаруулах тэмцээнийг тус дүүргээс уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байна.