Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин аян эхэллээ

2018-07-11 05:12

Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой аяныг 2018 оны 07 сарын 01 өдрөөс 09 сарын 01 хооронд 2 сарын хугацаанд зохион байгуулж байна.

Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 103 тогтоол, Нийслэлийн засаг даргын 2018 оны 06-р сарын 26-ны өдрийн 02 дугаар “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг тус тус үндэслэл болгон Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн алба хамтран хэрэгжүүлж байна.

Уг аяны хүрээнд:

  • Амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулаад Улаанбаатар хотын 4 чиглэлд хөдөө орон нутаг руу гарч байгаа иргэдэд /Баянзүрхийн товчоо, 22 –ын товчоо, Яармаг, 7 буудлын пост/хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, хүүхэд тээвэрлэлтэд хяналт тавих
  • Хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх анхааруулга шторкийг телевиз, радио, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах
  • Хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй орчин бий болгох чиглэлээр нийслэлийн 152 хорооны орчныг үнэлэх
  • Хүүхэд хүлээн авах бэлэн байдлыг хангуулах чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаануудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Мөн баяр наадамтай холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хуй долоон худаг, олон нийтэд зориулсан Сүхбаатарын талбайн арга хэмжээний үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, төөрөх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг ажлуулж хүүхдийн байгууллага, цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.