Хот хоорондын 71 чиглэлд дундажаар 5000 орчим зорчигч үйлчлүүлж байна

2018-09-12 06:03

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь хот хоорондын зорчигч тээврийн Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв болон орон нутагт 23 салбар төвөөр дамжуулан үйл ажиллагаа явуулж байна.

Баянзүрх дүүргийн зорчигч тээврийн төвөөр нийт 22 чиглэлд өдөрт дунджаар 2500 хүн, Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн төвөөр 49 чиглэлд өдөрт дунджаар 4500-5000 хүн зорчдог.

Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр улиралд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 291 үүний улмаас 59 хүн нас барж, 190 хүн гэмтсэн харамсалтай мэдээ байна. Дээрх гэмт хэргийн 46,4% нь нийслэлд, 53,6% нь хөдөө орон нутгийн замд бөгөөд эдгээрийн дийлэнхийг хууль бус тээвэрлэлт эзэлж байгааг албаныхан хэлж байна.

 Хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч нар нь хяналтгүй тээвэрлэлт гүйцэтгэхдээ “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг зөрчин зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр үйлчилгээнд гарах зэрэг олон зөрчил гаргаж байгаа юм. Энэ нь орон нутгийн замд гарч байгаа осол зөрчлийг ихээхэн нэмэгдүүлж байна.

Иймд өөрсдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс аливаа хууль бус тээвэрлэлтээс татгалзаж албан ёсны гэрээтэй, даатгалтай, баталгаатай, мэргэшсэн жолоочтой тээврийн хэрэгслээр зорчихыг зөвлөж байна.