Б.Мөнхжаргал: Тээврийн хэрэгсэл тус бүрийн ашиглалтын түүхийг нэг дороос харах боломж бүрдлээ

2018-01-22 11:46

Авто үйлчилгээний мэдээллийн сан ашиглалтад орсонтой холбогдуулан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

Автотээврийн үндэсний төв нь авто үйлчилгээний чиглэлээр 2017 онд ямар, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж ажилласан талаар ярилцлагаа эхлэе.

-Манай байгууллага нь 2017 онд орон нутагт авто үйлчилгээний чиглэлээр дараах хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэлээ. Аймгуудын Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэстэй хамтран ажиллах хугацаат удирдамжийг байгуулж орон нутагт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн  үйлчилгээг үйлчлүүлэгчдэд хэрхэн үзүүлэх талаар “Зөвлөн туслах” үйлчилгээ үзүүлж, тус чиглэлээр стандартын шаардлагад нийцсэн 104 аж ахуйн нэгж иргэдийн үйлчилгээнд 115 ангиллын гэрчилгээ олгосон. Гарал үүслийн гэрчилгээгүй сэлбэг хэрэгслээс үүдэн гарч буй хор хөнөөлийг бууруулах зорилгоор төрийн болон бусад байгууллагуудыг татан оролцуулж “Автомашины сэлбэг хэрэгсэл-импорт-хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Мөн автотээврийн хэрэгслийн ашиглалттаас үүдэн гарч буй хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан шат дараатай төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байна. Бидний бас нэг томоохон хийгдсэн ажил маань Монголд анх удаа “Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан”-г ашиглалтад оруулж, авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох үйл ажиллагааг цахим хэлбэрээр иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлж эхлээд байна.

“Авто үйлчилгээний мэдээллийн сан” гэж ярилаа. Энэ талаар тодруулаач.

-Олон улсад өөрсдийн ашиглагдаж буй тээврийн хэрэгслийн ашиглалтын түүхийг харах боломжтой байдаг. Гэвч манай улсад энэ талын мэдээлэл авах боломж байдаггүй байсан бөгөөд бид энэ асуудлыг шийдвэрлэж нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн ашиглалтын талаар түүхийг нэг дороос харах боломжийг бүрдүүлээд байна. Энэ сангаас хүссэн хэн бүхэн цахим орчинд тухайн тээврийн хэрэгслийнхээ улсын дугаар, арлын дугаараар ашиглалтын бүхий л мэдээллийг нэг дороос авч болно. Тодруулбал тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийн мэдээлэл, хэдэн эзэмшигч эзэмшиж байсан, татвараа төлсөн эсэх, даатгалд хамрагдсан эсэх, зам тээврийн осол зөрчлийн мэдээлэл, байгалийн гамшигт өртөж байсан эсэх, тухайн тээврийн хэрэгсэл нь хэзээ, хаана, ямар ямар засвар үйлчилгээг хийлгэж байсан зэрэг мэдээллүүд багтана.

Энэ мэдээллийн санд иргэд хэрхэн нэвтрэх вэ?

-Онлайн орчинд www.autobox.mn домэйн хаягаар нэвтэрч орно.

Мэдээллийн сангийн нууцлал хэр хангагдсан бэ?

- Тус мэдээлийн сангийн сервер “Үндэсний дата төв”-д байршиж, төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулан холбогдох эрх бүхий байгууллагуудтай мэдээлэл солилцон ажилладаг тул найдварт ажиллагаа, аюулгүй байдал бүрэн хангагдсан.

Авто үйлчилгээний мэдээллийн сан нь нийгэмд ямар ач тустай вэ?

- Дээр дурдсан мэдээллүүдийг нэг дороос авснаар иргэд хэн нэгэн хүний хэлсэн үгээр биш бодит нотолгоотой байдлаар тухайн тээврийн хэрэгслийн мэдээллийг авахаас гадна, тээврийн хэрэгсэлдээ засвар үйлчилгээ хийлгэснийхээ баталгаат хуудсыг цахимаар авах давуу талтай болсон. Мөн онлайнаар өөрт хамгийн ойр засварын газрыг хайх болон түүний үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг авахаас гадна урьдчилан захиалга өгч цаг заваа ч хэмнэнэ. Ангиллаа тогтоолгож мэдээлллийн санд нэвтрэх эрхээ авсан аж ахуйн нэгж байгууллагууд нь нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн ашиглалтын түүхтэй танилцснаар тухайн тээврийн хэрэгслийг оношлох, засвар үйлчилгээг хийхэд илүү хялбар болж өөрсдийн хийж гүйцэтгэсэн засвар, үйлчилгээний тайлан, мэдээг гарган авах боломжтой. Үүнээс гадна мэдээллийн сангаар дамжуулан өөрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд үнэ төлбөргүйгээр сурталчлах, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ цахим хэлбэрээр урьдчилан захиалга авч ажил үйлчилгээгээ төлөвлөх боломжтой.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд улам их амжилт хүсье.

-Баярлалаа.